Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээсээ өмнө Есүс ч бас Ариун Сүнсний хийсэн бүхэнтэй нийцүүлэн үйлдэж байсан жирийн л нэг хүн байлаа. Тухайн үед Тэр Өөрийн ялгамж чанарын талаар мэдэж байсан эсэхээс үл хамааран Бурханаас ирсэн бүхнийг дуулгавартай дагаж байв. Түүний үйлчлэл эхлэхээс өмнө Ариун Сүнс Түүний ялгамж чанарыг хэзээ ч илчлээгүй. Өөрийн үйлчлэлийг эхэлснийхээ дараа л Тэр тэдгээр дүрэм журам, хуулийг хүчингүй болгосон бөгөөд Өөрийн үйлчлэлийг албан ёсоор гүйцэтгэж эхэлсний дараа л Түүний үгэнд эрх мэдэл, хүч чадал шингэсэн юм. Өөрийн үйлчлэлийг эхэлснийх нь дараа л шинэ эрин үеийг авчрах Түүний ажил эхэлжээ. Үүнээс өмнө Ариун Сүнс Түүний дотор 29 жилийн турш нуугдмал хэвээр үлдсэн, энэ хугацаанд Тэр зөвхөн нэг хүнийг төлөөлсөн бөгөөд Бурханы ажил эсвэл ялгамж чанаргүй байсан юм. Ажиллаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа эхлээд хүн Өөрийг нь хэр их мэдэж байгааг үл анхааран Тэр Өөрийн ажлыг дотроо төлөвлөснийхөө дагуу хийсэн бөгөөд Түүний хийсэн ажил Бурханы Өөрийн шууд төлөөлөл байлаа. Тухайн үед Есүс Өөрийнхөө эргэн тойрны хүмүүсээс, “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуусан юм. Тэд “Та бол эш үзүүлэгчдээс хамгийн агуу нь бөгөөд бидний сайн эмч билээ” хэмээн хариулжээ. Бас зарим нь “Та бол бидний тэргүүн тахилч” гэсэн… Бүх төрлийн хариулт өгөгдсөн, зарим нь бүр Түүнийг Иохан гэж, мөн Елиа гэж хэлсэн юм. Дараа нь Есүс Симон Петрт хандан “Чи Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуужээ. Петр, “Та бол Христ, амьд Бурханы Хүү билээ” гэж хариулсан байна. Тэр үеэс эхлээд хүмүүс Тэр бол Бурхан гэдгийг мэддэг болсон. Түүний ялгамж чанар мэдэгдэх үед үүнийг анх мэдсэн хүн нь Петр байсан бөгөөд түүний амаар энэ нь хэлэгджээ. Тэгэхэд Есүс “Чиний хэлсэн зүйл мах, цусаар илчлэгдээгүй, харин Миний Эцэг илчилсэн юм” хэмээн өгүүлсэн. Тэр баптисм хүртсэний дараа бусад нь энэ тухай мэдэж байсан эсэх нь хамаагүй, Түүний хийсэн ажил Бурханы өмнөөс хийгдсэн юм. Тэр Өөрийн ялгамж чанарыг ил болгохын тулд биш, Өөрийн ажлыг хэрэгжүүлэхийн тулд ирсэн билээ. Петр энэ тухай хэлсний дараагаар л Түүний ялгамж чанар хүнд ил болсон юм. Тэр бол Бурхан Өөрөө байсан гэдгийг чи мэдэж байгаа эсэхээс үл хамааран цаг нь ирэхэд Тэр Өөрийн ажлыг эхлүүлсэн. Чи үүнийг мэдэж байсан ч, эсвэл үгүй ч Тэр Өөрийн ажлыг урьдных шигээ үргэлжлүүлсэн юм. Чи үүнийг үгүйсгэсэн ч гэсэн Тэр Өөрийн ажлыг гүйцэтгэх байсан ба цаг нь болоход үүнийг хийх л байсан. Хүн Түүний махбодыг мэдэхийн төлөө биш, харин хүн Түүний ажлыг хүлээн авахын төлөө Тэр ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэхээр ирсэн билээ. Хэрвээ чи өнөө үеийн ажлын үе шат нь Бурханы Өөрийн ажил гэдгийг таньж чадаагүй бол чамд үзэгдэл дутагдаж байна. Гэсэн ч чи ажлын энэ үе шатыг үгүйсгэж чадахгүй; таньж чадахгүй байгаа чинь Ариун Сүнс ажиллахгүй байгааг, эсвэл Түүний ажил буруу гэдгийг батлахгүй. Одоогийн ажлыг Библи дэх Есүсийн ажилтай тулгаж, ажлын энэ үе шатыг үгүйсгэхийн тулд таарч тохирохгүй зүйлийг ашигладаг хүмүүс ч байдаг. Энэ нь сохорсон хүний үйлдэл биш гэж үү? Библид тэмдэглэгдсэн зүйлс хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлыг бүхэлд нь тѳлѳѳлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нь хамтдаа зуугаас цөөхөн бүлэгтэй ба тэнд, Есүс инжрийн модыг хараасан, Петр Эзэнээс гурван удаа татгалзсан, Есүс цовдлол болон амиллынхаа дараа шавь нартаа харагдсан, мацаг барих талаарх сургаал, залбирал хийх тухай сургаал, салалтын тухай сургаал, Есүсийн төрөлт ба угийн бичиг, Есүс шавь нараа томилсон тухай гэх мэт хязгаарлагдмал үйл явдлуудын талаар бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүн тэдгээрийг эрдэнэс мэт үнэлж, бүр өнөөдрийн ажлыг тэдгээртэй тулган шалгадаг. Тэд бүр, Есүсийн амьдралдаа хийсэн бүх ажил нь ердөө тийм хэмжээтэй, Бурхан ердөө тийм зүйлийг л хийх чадвартай ба илүү ихийг хийж чадахгүй гэж итгэдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү?
Есүсийн газар дээр өнгөрүүлсэн хугацаа нь гучин гурван жил хагас байсан, өөрөөр хэлбэл, Тэр газар дээр гучин гурван жил хагас амьдарсан. Энэ хугацааны ердөө гурван жил хагасыг л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхэд зарцуулсан бөгөөд үлдсэн хугацаанд нь Тэр зүгээр л жирийн хүний амьдралаар амьдарсан юм. Эхэндээ Тэр синагогын үйл ажиллагаанд оролцож, тахилчид Судрыг тайлбарлахыг болон бусдын номлохыг тэнд сонсож байлаа; Тэр Библийн талаар ихээхэн мэдлэг олж авчээ: Тэр тийм мэдлэгтэй төрөөгүй бөгөөд уншиж, сонссоноор л дамжуулан үүнийг олж авсан юм. Тэр арван хоёр настай байхдаа синагог дахь рабби нараас, “Эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүд юу байсан бэ? Мосегийн хуулийн тухайд ямар вэ? Хуучин Гэрээний тухайд? Сүмд тахилчийн хувцастайгаар Бурханд үйлчилж байгаа хүний тухайд ямар вэ?” ... гэх мэт асуултуудыг асуусан нь Библид тодорхой тэмдэглэгджээ. Тэр олон асуулт асуусан, учир нь Түүнд мэдлэг ч, эсвэл ойлголт ч байгаагүй юм. Хэдийгээр Тэр Ариун Сүнснээс олдсон ч гэсэн бүхэлдээ эгэл хүн болон төрсөн; Тэр зарим нэг онцгой шинж чанартай байсан боловч бас л жирийн хүн байсан юм. Түүний мэргэн ухаан, бие хаа болон настай нь хамааралтайгаар тасралтгүй өссөн бөгөөд Тэр жирийн хүний амьдралын үе шатыг туулсан юм. Хүмүүсийн төсөөллөөр бол Есүс ямар ч хүүхэд нас, өсвөр нас, дунд эргэм насыг туулаагүй; Тэр төрмөгцөө гучин гурван настай хүний амьдралаар амьдарч эхэлсэн ба Өөрийн ажлыг дуусгаад цовдлогдсон. Тэр магадгүй жирийн хүний амьдралын үе шатыг туулаагүй; Тэр иддэггүй байсан, бас бусад хүнтэй ч холбогдоогүй, хүмүүсийн хувьд Түүнийг зэрвэс харахад амаргүй байсан. Тэр Бурхан байсан учраас магадгүй Өөрийг нь харсан хүмүүсийг айлгах гажигтай нэгэн байсан байх. Махбодод ирсэн Бурхан хүн шиг амьдардаггүй нь гарцаагүй гэдэгт хүмүүс итгэдэг; Тэр ариун хүн учраас Өөрийн шүд болон нүүрийг угаах хэрэггүй цэвэрхэн гэж тэд итгэдэг. Эдгээр нь цэвэр хүний үзэл биш гэж үү? Библид Есүсийн хүний амьдралын талаар тэмдэглээгүй зөвхөн Түүний ажлын тухай байдаг боловч Түүнд хэвийн хүн чанар байгаагүй, эсвэл Тэр гучин нас хүртлээ энгийн хүний амьдралаар амьдраагүй гэдгийг энэ нь баталдаггүй. Тэр 29 насандаа Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн боловч тэр наснаас өмнө хүний хувиар өнгөрөөсөн Түүний бүх амьдралыг чи хасаж болохгүй. Библи ердөө тэр хугацааг тэмдэглэлдээ оруулаагүй; Түүний амьдрал нь жирийн хүний амьдрал байсан ба Түүний бурханлаг ажлын цаг үе байгаагүй тул бичиж тэмдэглэх хэрэггүй байлаа. Есүсийг баптисм хүртэхээс өмнө Ариун Сүнс шууд ажиллаагүй, харин Есүсийн үйлчлэлээ гүйцэтгэх өдөр болох хүртэл Түүний амьдралыг жирийн хүн байдлаар байлгаж байв. Хэдийгээр Тэр бие махбодтой болсон Бурхан байсан боловч жирийн хүний адилаар нас биед хүрэх үйл явцыг туулсан юм. Нас биед хүрэх үйл явцыг Библиэс хассан. Энэ нь хүний амийн өсөлтөнд ямар ч тусламж үзүүлж чадахгүй учраас үүнийг хассан юм. Баптисм хүртэхээс өмнөх хугацаа нь нууцлаг үе байсан ба Тэр ямар ч тэмдэг, гайхамшиг үзүүлээгүй. Есүс баптисм хүртсэнийхээ дараа л хүн төрөлхтнийг золин аврах бүх ажлыг буюу нигүүлслээр, үнэнээр, хайр болон өршөөлөөр дүүрэн ажлыг эхэлсэн юм. Энэ ажлын эхлэл нь бас яг нарийндаа Нигүүлслийн эрин үеийн эхлэл байсан; энэ шалтгааны улмаас үүнийг бичиж тэмдэглэж, өнөөг хүртэл дамжуулжээ. Энэ нь Нигүүлслийн эрин үе дэх хүмүүсийн хувьд, Нигүүлслийн эрин үеийн замаар алхах, цовдлолын замаар алхах замыг нээж, бүхнийг амжилттай болгохын төлөө байв. Хэдийгээр энэ нь хүний бичиж тэмдэглэсэн зүйлээс гарсан боловч энд, тэндээс нь жаахан алдаа олдохыг үл тооцвол бүгд бодит баримт билээ. Гэсэн хэдий ч, тийм тэмдэглэлүүдийг худал гэж хэлж болохгүй. Тэдгээр нь бүхэлдээ баримттай, зөвхөн тэдгээрийг бичихдээ л хүмүүс алдаа гаргасан юм. Хэрвээ Есүс хэвийн, эгэл хүн чанартай байсан юм бол Тэр яаж тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байсан байх вэ? гэж хэлэх зарим хүн байдаг. Есүсийн туулсан дөчин өдрийн сорилт нь гайхамшигт тэмдэг бөгөөд эгэл хүний биелүүлж чадахгүй зүйл юм. Түүний дөчин өдрийн сорилт нь Ариун Сүнсний ажил байсан; тэгвэл Түүний дотор өчүүхэн төдий ч ер бусын зүйл байхгүй гэж хүн хэлж яахин чадах юм бэ? Түүний тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвар нь Тэр бол энгийн хүн биш, харин ер бусын хүн байсан гэдгийг баталдаггүй; ердөө л Ариун Сүнс Түүн шиг энгийн хүн дээр ажиллаж, тэгснээрээ Түүнийг гайхамшиг үзүүлж, бүр илүү агуу их ажил хийх боломжтой болгосон юм. Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнө, эсвэл Библид бичсэнчлэн Сүнс Түүн дээр бууж ирэхээс өмнө Есүс зүгээр л энгийн хүн байсан ба ямар ч ер бусын зүйлгүй байв. Ариун Сүнс Түүн дээр бууж ирэх үед буюу Тэр Өөрийн үйлчлэлийг эхлүүлэх үед Түүнд ер бусын зүйл шингэжээ. Ийм маягаар хүн, Бурханы махбод болсон биед хэвийн хүн чанар байгаагүй гэж итгэж эхэлдэг бөгөөд цаашлаад бие махбодтой болсон Бурханд ямар ч хүн чанар байхгүй гэж эндүүрэн боддог. Мэдээж, Бурханыг газар дээр ирэх үед Түүний ажил болон Түүний талаар хүний хардаг бүхэн ер бусын байдаг. Түүний ажил болон Түүний үг нь хүн ойлгохооргүй, хүрэхээргүй байдаг учраас нүдээрээ хардаг болон чихээрээ сонсдог зүйл чинь бүгд ер бусын байдаг. Хэрвээ тэнгэрийн ямар нэг зүйлийг газар дээр авчирсан бол тэр нь ер бусын байхаас өөр яах юм бэ? Хүн ойлгошгүй, ухааршгүй, мөн хэтэрхий гайхалтай, ухаалаг нууц болох тэнгэрийн хаанчлалын нууцуудыг газарт авчрах үед—тэдгээр нь бүгд ер бусын биш гэж үү? Гэхдээ, энэ нь хэчнээн ер бусын байсан ч бүх зүйл Түүний хэвийн хүн чанар дотор гүйцэтгэгддэг гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы махбод болсон биед хүн чанар байдаг; эс бөгөөс Тэр Бурханы махбод болсон бие биш байх байв. Өөрийнхөө цаг үед Есүс олон агуу гайхамшгийг үзүүлсэн. Тухайн үеийн Израильчуудын харсан зүйл нь ер бусын зүйлсээр дүүрэн байсан; тэд тэнгэрэлчүүд болон элч нарыг харсан бөгөөд Еховагийн дуу хоолойг сонссон. Эдгээр нь бүгд ер бусын байгаагүй гэж үү? Мэдээж, өнөөдөр хүнийг мэхлэхийн тулд ер бусын зүйлээр дамжуулан ажилладаг зарим муу ёрын сүнс бий; өнөө үед Ариун Сүнсний хийдэггүй ажлаар дамжуулан хүнийг мэхлэх нь тэдний хувьд дуурайж байгаа явдал төдийхөн юм. Олон муу ёрын сүнс гайхамшиг үйлдэж, өвчнийг эдгээх явдлыг дуурайдаг; эдгээр нь муу ёрын сүнсний ажлаас өөр юу ч биш, учир нь Ариун Сүнс өнөө үед тийм ажил хийхээ больсон бөгөөд Ариун Сүнсний тухайн үеийн ажлыг дараа нь дуурайсан бүхэн бол үнэхээр муу ёрын сүнснүүд юм. Тухайн үед Израильд хийгдсэн бүх ажил нь ер бусын байсан, зөвхөн Ариун Сүнс одоо тийм байдлаар ажилладаггүй, тийм ямар ч ажил нь Сатаны хийж байгаа зүйл, Сатаны үймээн самуун бөгөөд муу ёрын сүнснүүдээс гардаг. Гэхдээ ямар ч ер бусын зүйл муу ёрын сүнснээс гардаг гэж чи хэлж болохгүй—энэ нь Бурханы ажлын эрин үеэс хамаардаг. Өнөө үед бие махбодтой болсон Бурханы хийсэн ажлыг аваад үз: Үүний ямар тал нь ер бусын биш вэ? Түүний үг нь чиний хувьд ойлгохын аргагүй, биелүүлэхийн аргагүй байдаг бөгөөд Түүний хийдэг ажлыг ямар ч хүн хийж чадахгүй. Түүний ойлгодог зүйлийг хүн яавч ойлгож чадахгүй, мөн Түүний мэддэг зүйл хаанаас ирдгийг ч хүн мэдэхгүй. “Би ч гэсэн Тан шиг эгэл хүн, тэгвэл би яагаад Таны мэддэг зүйлийг мэддэггүй юм бэ? Би насаар ахмад, дадлага туршлагаар арвин атал Та яаж миний мэддэггүй зүйлийг мэддэг юм бэ?” гэж зарим хүмүүс хэлдэг. Хүний тухайд гэвэл, энэ бүхэн нь хүн хүрэхийн аргагүй зүйл юм. Тэгтэл, “Израильд хийгдсэн ажлын талаар хэн ч мэддэггүй; Та яаж мэддэг юм бэ? Библийн тайлбарлагчид хүртэл ямар ч тайлбар хийж чаддаггүй; Та яаж мэддэг юм бэ?” гэдэг хүмүүс ч бий. Эдгээр нь бүгд ер бусын хэрэг явдал биш гэж үү? Ямар ч гайхамшигтай тулгараагүй боловч Тэр бүхнийг мэддэг бөгөөд үг Түүнд хамгийн амархан очдог. Энэ нь ер бусын биш гэж үү? Түүний ажил махан биеийн хүрч чадах зүйлээс хэтрэн гардаг. Махан биетэй ямар ч хүний бодлоор үүнийг биелүүлэхийн аргагүй бөгөөд хүний уураг тархи үүнийг огтоос бодож чадахгүй. Тэр Библийг хэзээ ч уншаагүй хэдий ч Израиль дахь Бурханы ажлыг ойлгодог. Тэр газар дээр зогсож ярьж байсан хэдий ч гуравдагч тэнгэрийн нууцуудын тухай ярьдаг. Хүн эдгээр үгийг унших үед: “Энэ нь гуравдагч тэнгэрийн хэл биш гэж үү?” гэсэн мэдрэмж хүнийг эзэмддэг. Эдгээр нь бүгд энгийн хүний биелүүлж чадах зүйлээс давсан хэрэг явдал биш гэж үү? Есүс дөчин өдөр мацаг барих тэр үед тэр нь ер бусын байгаагүй гэж үү? Хэрвээ чи дөчин өдрийн мацаг нь ер бусын бөгөөд муу ёрын сүнсний үйл хэрэг гэж хэлэх юм бол Есүсийг яллаж байгаа хэрэг биш үү? Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээсээ өмнө Есүс жирийн хүмүүстэй адил байсан. Тэр ч бас сургуульд сурсан; эс бөгөөс Тэр яаж уншиж, бичиж сурах юм бэ? Бурхан махбод болох үед Сүнс бие махбод дотор нуугдан оршиж байсан. Гэсэн хэдий ч, жирийн хүн байсан болохоор Түүний хувьд өсөж, нас бие гүйцэх үйл явцыг туулах шаардлагатай байсан бөгөөд танин мэдэх чадвар нь төлөвшиж, аливаа зүйлийг ялган салгаж чадах хүртлээ Тэр энгийн хүн гэж тооцогдсон. Түүний хүн чанар төлөвшсөний дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадсан юм. Хэвийн хүн чанар нь хараахан төлөвшөөгүй, эрүүл ухаан нь төгөлдөжөөгүй байх үед Тэр яаж үйлчлэлээ хэрэгжүүлж чадах юм бэ? Зургаа эсвэл долоон настайд нь үйлчлэлээ хэрэгжүүлэхийг Түүнээс хүлээж болохгүй нь мэдээж! Анх махбод болох үедээ Бурхан яагаад Өөрийгөө ил тод харуулаагүй юм бэ? Яагаад гэвэл Түүний махбодын хүн чанар хараахан төлөвшөөгүй байсан; Өөрийн махбодын оюун санаа болон сэтгэхүй, мөн түүнчлэн энэ махбодын хэвийн хүн чанарыг Тэр бүрэн эзэмшээгүй байв. Энэ шалтгааны улмаас Өөрийн ажлыг эхлэхээс өмнө Тэр, махбод дахь Өөрийн ажлыг хийхэд хангалттай зэвсэглэсэн байх хэмжээнд хэвийн хүн чанар болон энгийн хүний ердийн мэдлэгийг зайлшгүй эзэмших шаардлагатай байсан билээ. Хэрвээ Тэр энэ ажилд хангалтгүй байсан бол Түүний хувьд үргэлжлүүлэн өсөж, төлөвших шаардлагатай байх байв. Есүс Өөрийн ажлыг долоо юм уу найман насандаа эхэлсэн бол хүн Түүнийг гоц авъяастан гэж үзэх байсан биш гэж үү? Бүх хүн Түүнийг хүүхэд гэж бодох байсан биш гэж үү? Хэн Түүнийг үнэмшмээр гэж бодох юм бэ? Зогсож байгаа индрээсээ өндөргүй долоо юм уу найман настай хүүхэд—номлоход тохирох байсан уу? Хүн чанар нь төлөвшихөөс өмнө Тэр уг ажилд тэнцээгүй. Хараахан төлөвшөөгүй байсан Түүний хүн чанарын тухайд гэвэл ажлын ихээхэн хэсэг нь ердөө биелүүлэхийн аргагүй юм. Махбод дахь Бурханы Сүнсний ажил нь бас өөрийн гэсэн зарчимд захирагддаг. Хэвийн хүн чанарыг эзэмших үедээ л Тэр ажлыг өөртөө авч, Эцгийн даалгаврыг хүлээн авч чадна. Зөвхөн тэр үед л Тэр Өөрийн ажлыг эхэлж болох юм. Хүүхэд насандаа Есүс, эрт цагт тохиолдсон зүйлийн ихээхний талаар юу ч ойлгож чадахгүй байсан ба зөвхөн рабби нараас асууснаар ойлгож авчээ. Хэрвээ Тэр дөнгөж ярьж сурангуутаа л ажлаа хийж эхэлсэн бол Түүний хувьд ямар ч алдаа гаргахгүй боломжтой байх байсан уу? Бурхан яаж алдаа гаргаж болох вэ? Тиймээс ажиллах чадвартай болсныхоо дараа л Тэр Өөрийн ажлыг эхэлсэн; Тэр үүнийг хийх бүрэн чадвартай болтлоо ямар ч ажил гүйцэтгээгүй. 29 настайдаа Есүс аль хэдийн хангалттай төлөвшсөн байсан бөгөөд Түүний хүн чанар, хийх гэж байсан ажлаа явуулахад нь тохирохуйц болсон байлаа. Зөвхөн тэр үед л, гучин жилийн турш нуугдмал байсан Ариун Сүнс Өөрийгөө илчилж эхэлсэн ба Бурханы Сүнс албан ёсоор Түүн дотор ажиллаж эхэлсэн юм. Тэр үед Иохан Түүнд зориулсан замыг нээхийн тулд долоон жилийн турш бэлдсэн байсан бөгөөд ажлаа дуусгасны дараа шоронд орсон. Тэгээд ачаа бүхэлдээ Есүс дээр унасан. Хэрвээ Тэр энэ ажлыг 21 эсвэл 22 насандаа, хүн чанар нь дутуу дулимаг байх үед, дөнгөж нас биед хүрэх үедээ, мөн олон зүйлийг ойлгоогүй байхдаа хүлээн авсан бол, хяналтыг гартаа авч чадахгүй байх байлаа. Тухайн үед, Есүсийг ажлаа эхлэхээс өмнө Иохан өөрийн ажлыг аль хэдийн хэсэг зуур хийгээд байсан ба тэгэхэд Тэр аль хэдийн дунд эргэм настай байв. Тэр насандаа Түүний хэвийн хүн чанар нь Өөрийн хийх ёстой ажлыг хийхэд хангалттай болсон юм. Одоо бие махбодтой болсон Бурханд ч бас хэвийн хүн чанар байдаг бөгөөд хэдийгээр та нартай харьцуулахуйц төлөвшөөгүй ч гэсэн одоо байгаа байдлаараа энэ хүн чанар нь Түүний ажлыг биелүүлэхэд хэдийнээ хангалттай. Өнөөдрийн ажлын нөхцөл байдал нь Есүсийн үеийнхтэй бүхэлдээ адилхан биш. Тухайн үед Есүс яагаад арван хоёр шавийг сонгосон бэ? Энэ нь бүгд Түүний ажлыг дэмжиж, үүнтэй хамтран ажиллахын төлөө байв. Нэг талаар энэ нь тухайн үе дэх Түүний ажлын суурийг тавихын төлөө, харин нөгөө талаар ирэх өдрүүд дэх Түүний ажилд суурь тавихын төлөө байсан юм. Тэр үеийн ажилтай нийцүүлэн арван хоёр шавийг сонгох нь Есүсийн хүсэл, мөн түүнчлэн Бурханы Өөрийн хүсэл байлаа. Арван хоёр шавийг сонгоод дараа нь газар сайгүй номлоход нь тэднийг залж чиглүүлэх ёстой гэж Тэр итгэж байв. Гэхдээ өнөөдөр та нарын дунд ингэх хэрэггүй! Бие махбодтой болсон Бурхан махбодод ажиллах үед ажилд олон зарчим байдаг бөгөөд хүний ердөө ойлгодоггүй олон зүйл байдаг; хүн үүнийг хэмжихдээ, эсвэл Бурханд хэт их шаардлага тавихдаа өөрийн үзлийг байнга ашигладаг. Гэхдээ өнөө үед ч гэсэн, өөрсдийнх нь бүх мэдлэг гагцхүү өөрсдийнх нь үзлээс бүрддэг гэдгийг олон хүн мэддэггүй. Бурханы бие махбодтой болсон эрин үе, эсвэл газар ямар ч байсан гэсэн, махбод дахь Түүний ажлын зарчим өөрчлөгдөлгүй үлддэг. Тэр махбод болчихоод махбодоосоо даван гарч ажиллаж чадахгүй; тэр ч бүү хэл Тэр махбод болчихоод махбодын хэвийн хүн чанар дотроо ажиллахгүй байж чадахгүй. Эс бөгөөс Бурхан бие махбодтой болохын ач холбогдол үгүй болж, Үг махбод болсон гэдэг нь бүхэлдээ утгагүй болох байв. Цаашлаад Бурхан бие махбодтой болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махбод Өөрөө ч, эсвэл тэнгэрийн элч нар ч мэдэхгүй. Ингэснээр махбод дахь Бурханы ажил бүр ч илүү хэвийн байж, Үг үнэхээр махбод болсныг бүр ч сайн харуулж чадах бөгөөд махбод гэдэг нь жирийн агаад хэвийн хүн гэсэн үг юм.
Зарим хүмүүс, эрин үеийг яагаад Бурхан Өөрөө эхлүүлэх ёстой юм бол? Бүтээгдсэн зүйл Түүний оронд зогсож болохгүй юу? гэж гайхаж байж магадгүй. Бурхан махбод болсон нь шинэ эрин үеийг нээх зорилготой байсан ба мэдээж шинэ эрин үеийг эхлүүлэхдээ Тэр хуучин эрин үеийг мөн нэгэн зэрэг дуусгасан байх болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Өөрийнхөө ажлыг явуулдаг нь Тэр Өөрөө юм, иймээс өмнөх эрин үеийг төгсгөдөг нь Тэр Өөрөө байх учиртай. Энэ бол, Тэр Сатаныг ялж, дэлхийг байлдан дагуулдгийн баталгаа. Тэр Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүрд энэ нь шинэ тулааны эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучныг нь дуусгана гэж мэдээж үгүй. Хуучныг нь дуусгаагүй байх үед энэ нь, Сатантай хийх тулаан хараахан төгсгөлдөө очоогүйн баталгаа юм. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж, шинэ ажил гүйцэтгэх юм бол хүн Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдөж, шинэ амьдрал болон шинэ эхлэлийг олж авч чадна. Эс бөгөөс хүн үүрд хуучин эрин үед амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдрах болно. Бурханы удирдаж буй эрин үе бүрд хүний нэг хэсэг сул чөлөөтэй болж, тэгснээр хүн Бурханы ажилтай хамт шинэ эрин үе рүү урагшилдаг. Бурханы ялалт гэдэг нь Түүнийг дагадаг бүх хүний ялалт юм. Хэрвээ бүтээгдсэн хүн төрөлхтөнд эрин үеийг төгсгөх үүрэг өгсөн бол хүний үзэл бодлоор ч бай, эсвэл Сатаныхаар ч бай, энэ нь Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвах, мөн Бурханд дуулгаваргүй үйлдлээс өөр юу ч биш байх байсан бөгөөд хүний ажил Сатаны хэрэгсэл болох байв. Бурханы Өөрийн эхлүүлсэн эрин үед хүн дуулгавартай байж, Бурханыг дагасан үед л Сатаныг бүрэн үнэмшүүлж чадна, учир нь энэ бол бүтээгдсэн зүйлийн үүрэг билээ. Иймд та нар зөвхөн дагах, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас шаардахгүй гэж Би хэлдэг. Энэ нь, хүн бүр өөрийн үүргийг сахиж, тус тусын чиг үүргийг гүйцэтгэх гэдгийн учир юм. Бурхан Өөрийнхөө ажлыг хийдэг ба хүн Түүний оронд хийх хэрэггүй байдаг, мөн Тэр бүтээгдсэн зүйлийн ажилд ч оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Бурханы ажилд оролцдоггүй. Зөвхөн энэ л дуулгавартай байдал, мөн Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эрин үеийг нээж дууссаны дараа хүн төрөлхтний дунд Өөрөө ажиллахаар ирэхээ больдог. Зөвхөн тэр үед л хүн, бүтээгдсэн зүйл болохын хувд үүргээ биелүүлж, даалгавраа гүйцэтгэхээр шинэ эрин үе рүү албан ёсоор алхан ордог. Эдгээр нь ажлыг удирддаг зарчмууд бөгөөд нэг ч хүн зөрчиж болохгүй. Ийм маягаар ажиллах нь л ухаалаг бөгөөд үндэслэлтэй юм. Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг. Өөрийн ажлыг явуулдаг нь Тэр бөгөөд, мөн Өөрийн ажлыг дуусгадаг нь Тэр билээ. Ажлыг төлөвлөдөг нь Тэр, ажлыг удирддаг нь ч Тэр бөгөөд үүнээс ч илүүтэйгээр ажлыг үр дүнтэй болгодог нь ч Тэр юм. Библид өгүүлсэнчлэн, “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч.” Өөрийн удирдлагын ажилтай холбоотой бүхнийг Бурхан Өөрөө хийдэг. Тэр бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний Захирагч; Тэр бүх зүйлийг гартаа атгаж байдаг тул өөр хэн ч Түүний ажлыг Түүний оронд хийж чадахгүй, мөн хэн ч Түүний ажлыг дуусгаж чадахгүй. Дэлхий ертөнцийг бүтээсэн болохоор Тэр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд амьдруулна, Тэр бас бүхэл бүтэн эрин үеийг дуусгаж, тийнхүү Өөрийн бүх төлөвлөгөөг үр дүнд хүргэнэ!
No comments:
Post a Comment