Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй бөгөөд хүний үүргийг л биелүүлсэн юм. Иохан Эзэний замыг тавигч байсан хэдий ч Бурханыг төлөөлж чадаагүй юм; тэр ердөө Ариун Сүнсэнд ашиглагдсан хүн байлаа. Есүс баптисм хүртсэний дараа “Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буужээ.” Дараа нь Тэр Өөрийн ажлыг эхэлсэн, ѳѳрѳѳр хэлбэл Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тийм учраас Тэр Бурханы ялгамж чанарыг эзэмшсэн, учир нь Тэр Бурханаас ирсэн билээ. Үүнээс өмнө Түүний итгэл ямар байсан нь хамаагүй—энэ нь заримдаа сул, заримдаа хүчтэй байсан байж болох ч—бүгд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнөх хэвийн хүний амьдралд нь харьяалагдаж байв. Түүнд баптисм хүртээсний (өөрөөр хэлбэл, тосолсны) дараа Бурханы хүч чадал болон алдар суу нэн даруй Түүнтэй хамт байсан, иймээс Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрээр тэмдэг, гайхамшиг бүтээж, хүчит үйлс үзүүлж чаддаг байсан бөгөөд Түүнд хүч чадал, эрх мэдэл байлаа, учир нь Тэр шууд Бурханы Өөрийн өмнөөс ажиллаж байсан билээ; Тэр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байв. Тиймээс Тэр Бурхан Өөрөө байсан юм; энэ бол эргэлзээгүй. Ариун Сүнс Иоханыг ашигласан. Тэр Бурханыг төлөөлж чадаагүй, мөн түүний хувьд Бурханыг төлөөлөх боломж ч байгаагүй. Хэрвээ тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс үүнийг нь зөвшөөрөхгүй байх байлаа, учир нь Бурханы Өөрийн биелүүлэх гэж байсан ажлыг тэр хийх чадваргүй байсан юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан эсвэл ямар нэгэн гажуудал байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байв. Түүний алдаа дутагдал нь зөвхөн түүнийг төлөөлж байсан боловч ажил нь харин Ариун Сүнсний төлөөлөл байлаа. Гэвч түүний бүх зүйл Бурханыг төлөөлж байсан гэж хэлж болохгүй. Түүний гажуудал, алдаа дутагдал нь Бурханыг төлөөлж чадах байсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаа мадагтай байх нь хэвийн зүйл боловч хэрвээ хүн Бурханыг төлөөлөхдөө гажуудалтай бол Бурханыг гутаасан хэрэг болох биш үү? Тэр нь Ариун Сүнсний эсрэг доромжлол биш үү? Бусад нь түүнийг өргөмжилж байсан ч хүн Бурханы байр сууринд зогсохыг Ариун Сүнс хөнгөхнөөр зөвшөөрөхгүй. Хэрвээ тэр Бурхан л биш бол эцэст нь бат зогсож чадахгүй. Ариун Сүнс, хүссэнээрээ Бурханыг төлөөлөхийг хүнд зөвшөөрдөггүй! Жишээ нь Ариун Сүнс Иоханд гэрчлэл хийсэн бөгөөд Есүст зам тавих нэгэн болохыг илчилсэн боловч түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил хэмжээтэй байв. Иоханаас хүссэн бүхэн нь Есүсийн замыг тавигч байж, Түүнд зориулан зам тавих явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс түүний зам тавих ажлыг л дэмжиж, тийм ажил хийхийг л түүнд зөвшөөрсөн—өөр зүйл хийхийг түүнд зөвшөөрөөгүй. Иохан Елиаг төлөөлсөн бөгөөд тэрээр зам тависан эш үзүүлэгчийг төлөөлсөн юм. Ариун Сүнс үүнд нь түүнийг дэмжсэн; түүний ажил нь зам тавихын төлөө байсан цагт Ариун Сүнс түүнийг дэмжиж байв. Гэвч хэрвээ тэр өөрийгөө Бурхан Өөрөө хэмээж, золин авралын ажлыг дуусгахын төлөө ирсэн гэж хэлсэн бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах байлаа. Иоханы ажил хэчнээн агуу байсан нь хамаагүй, үүнийг Ариун Сүнс дэмжиж байсан ч гэсэн түүний ажил хил хязгааргүй байгаагүй юм. Ариун Сүнс түүний ажлыг үнэхээр дэмжиж байсан нь үнэн боловч тухайн үед түүнд өгсөн хүч чадал нь зам тавих явдлаар л хязгаарлагдаж байв. Тэр өөр ажил хийж огт чадахгүй байсан, учир нь тэр бол Есүс биш, харин замыг тависан Иохан байлаа. Тиймээс Ариун Сүнсний гэрчлэл гол түлхүүр нь боловч хүнээр хийлгэхээр Ариун Сүнсний зөвшөөрсөн ажил бүр ч илүү чухал юм. Иохан тухайн үед хангинасан гэрчлэл хүлээн аваагүй гэж үү? Түүний ажил ч бас асар их байгаагүй гэж үү? Гэхдээ түүний хийсэн ажил Есүсийнхээс илүү гараагүй, учир нь тэр ердөө л Ариун Сүнсээр ашиглагдсан хүн байсан ба Бурханыг шууд төлөөлж чадаагүй, иймээс түүний хийсэн ажил хязгаарлагдмал байлаа. Түүнийг зам тавих ажлаа дуусгасны дараа түүний гэрчлэлийг хадгалах хэн ч байгаагүй, ямар ч шинэ ажил түүнийг дагаагүй бөгөөд Бурханы Өөрийн ажил эхлэхэд тэр орхин явсан юм.
Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” гэж хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн их өргөмжилж, хэр чанга хашхирсан ч бай Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч, “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийн ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол өгөх хэрэггүй: Түүний Өөрийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлөхөд Түүний ажил л хангалттай юм. Түүнд баптисм хүртээхээс өмнө Есүс Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Мэдээж Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж үү? Өөрийн ажлыг эхлэхээсээ ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Чи Сүнсний ажлыг болон Түүний хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг Бурханы бүх зан чанар: энэ бүхнийг чи илэрхийлэх чадваргүй. Иймд өөрийгөө Бурхан гэж хэлэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр байх ба ямар ч мөн чанар байхгүй байх байсан. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн эсвэл Бурхан, Эзэн эсвэл Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийнх нь ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Түүнийг юу гэж дуудахаас чинь үл хамааран Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлдөг ба Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол Бурхан гэж нэрлэгдэж чадахгүй!
Ариун Сүнсний ашиглаж байгаа хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Тийм хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна түүний хийдэг ажил Бурханыг шууд төлөөлж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүний туршлагыг Бурханы удирдлага дотор шууд тавьж болохгүй бөгөөд энэ нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй. Бурханы Өөрийн хийдэг ажил нь бүхэлдээ удирдлагын төлөвлөгөөндөө Түүний хийхээр зорьсон ажил бөгөөд агуу удирдлагатай хамаатай юм. Хүмүүсийн (өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн) хийдэг ажил нь өөрсдийн хувийн туршлагаар хангахаас бүрддэг. Энэ нь, өмнө явсан хүмүүсээс илүү давсан туршлагын шинэ замыг олж, Ариун Сүнсний удирдамж дор байх зуураа ах эгч нараа залж чиглүүлэхээс бүрддэг. Энэ хүмүүсийн хангадаг зүйл бол тэдний хувийн туршлага, эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэр юм. Тэднийг Ариун Сүнс ашигладаг боловч тэдний хийдэг ажил нь зургаан мянган жилийн төлөвлөгөөн дэх агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэд бол ердөө, биелүүлэх чиг үүрэг нь дуусаж, эсвэл амьдрал нь төгсөх хүртэл Ариун Сүнсний урсгал дахь хүмүүсийг удирдахын тулд өөр өөр цаг хугацаанд Ариун Сүнсний босгосон хүмүүс юм. Тэдний хийдэг ажил нь Бурханд Өөрт нь зориулсан тохиромжтой замыг бэлдэж, эсвэл газар дээрх Бурханы Өөрийн удирдлагын тодорхой талыг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Эдгээр хүмүүс Түүний удирдлага дахь агуу ажлыг хийж чадахгүй, мөн шинэ замыг ч нээж чадахгүй, тэр ч бүү хэл тэдний хэн нь ч өмнөх эрин үеийн Бурханы бүх ажлыг төгсгөж чадахгүй. Тиймээс тэдний хийдэг ажил нь бүтээгдсэн зүйл өөрийн чиг үүргийг биелүүлж байгааг л төлөөлдөг бөгөөд Бурхан Өөрөө үйлчлэлээ гүйцэтгэж байгааг төлөөлдөггүй. Яагаад гэвэл тэдний хийдэг ажил Бурханы Өөрийн хийдэг ажилтай адилгүй. Шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь Бурханы оронд хүний хийж чадах зүйл биш. Үүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийдэг бүх ажил нь бүтээгдсэн зүйл болохын хувьд үүргээ гүйцэтгэж байгаагаас бүрддэг бөгөөд Ариун Сүнс хөдөлгөж, эсвэл гэгээрүүлэх үед үүнийг хийдэг. Энэ хүмүүсийн өгдөг удирдамж нь өдөр тутмын амьдрал дахь хэрэгжүүлэлтийн замыг болон Бурханы хүсэлтэй зохицолтойгоор хэрхэн үйлдэх ёстойг хүнд харуулахаас бүрддэг. Хүний ажил нь Бурханы удирдлагыг агуулдаггүй, Сүнсний ажлыг ч төлөөлдөггүй. Жишээ нь Витнес Ли, Ватчман Ни нарын ажил нь замд хөтлөх явдал байсан юм. Зам шинэ ч бай, эсвэл хуучин ч бай, тухайн ажил Библи дотор үлдэх зарчимд үндэслэсэн байв. Энэ нь, орон нутгийн чуулганыг сэргээх, эсвэл орон нутгийн чуулган байгуулахын төлөө байсан ч бай, тэдний ажил чуулгануудыг байгуулахтай холбоотой байсан юм. Тэдний хийсэн ажил нь Есүс болон Түүний элчүүдийн дуусгалгүй орхисон буюу Нигүүлслийн эрин үед цааш хөгжөөгүй ажлыг үргэлжлүүлжээ. Тэдний хийсэн зүйл нь, Есүс тухайн үед ажиллаж байхдаа дараагийн үеийнхнээсээ хүссэн зүйл болох толгойгоо бүтээх, баптисм хүртэх, талх хуваах, эсвэл дарс уух гэх мэтийг сэргээхийн төлөө байлаа. Тэдний ажил Библийг баримталж, Библи дотроос замыг эрж хайх явдал байсан гэж хэлж болно. Тэд ямар ч төрлийн шинэ ахиц дэвшил гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л харж чадна. Гэхдээ тэдний ажлаас хүн Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, тэр ч бүү хэл эцсийн өдрүүдэд Бурханы хийхээр төлөвлөдөг шинэ ажлыг ч олж чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучны зам хэвээр байсан; ямар ч шинэчлэлт, ямар ч ахиц дэвшил байгаагүй. Тэд Есүсийн цовдлолын бодит баримттай зууралдаж, гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс гуйх дадлыг баримталж, эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно, эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой гэсэн үгийг мөрдөж, үүнээс ч илүүтэйгээр, эгч нар номлож болохгүй, зөвхөн дуулгавартай дагах ёстой гэсэн уламжлалт үзлийг мөрдсөөр байв. Хэрвээ ийм маягийн удирдлагыг үргэлжлүүлэн мөрдсөн бол Ариун Сүнс шинэ ажлаа хэрэгжүүлж, хүмүүсийг дүрэм журамаас чөлөөлж, эсвэл тэднийг эрх чөлөө болон гоо сайхны ертөнц рүү хөтөлж хэзээ ч чадахгүй байх байлаа. Тиймээс эрин үеийг өөрчилдөг, ажлын энэ үе шатыг Бурхан Өөрөө хийж, үг хэлэх ёстой; эс бөгөөс ямар ч хүн Түүний оронд ингэж хийж чадахгүй. Одоог хүртэл энэ урсгалаас гаднах Ариун Сүнсний бүх ажил зогсонги байдалд орсон бөгөөд Ариун Сүнсээр ашиглагдсан хүмүүс өөрсдийн тулгуурыг алдсан. Тиймээс Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас ялгаатай тул тэдний ялгамж чанар болон тэд хэний нэрийн өмнөөс үйлддэг нь ч бас өөр байдаг. Яагаад гэвэл Ариун Сүнсний хийхээр зорьдог ажил өөр бөгөөд үүний үр дүнд, адилхан ажил хийж байгаа бүхэнд өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсэнд ашиглагддаг хүн бас шинэ ажил хийж болох ба урьдны эрин үед хийсэн зарим ажлыг таягдан хаяж бас болох боловч тэдний хийдэг зүйл шинэ эрин үе дэх Бурханы зан чанар болон хүслийг илэрхийлж чаддаггүй. Тэд зөвхөн хуучин эрин үеийн ажлыг халахын тулд л ажилладаг бөгөөд Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлөх зорилгоор шинэ ажил хийхийн тулд ажилладаггүй. Иймд тэд хэчнээн олон хоцрогдсон дадлыг цуцалж, эсвэл хэчнээн олон шинэ хэрэгжүүлэлт нэвтрүүлэх нь хамаагүй, хүнийг болон бүтээгдсэн зүйлийг төлөөлсөн хэвээр байдаг. Харин Бурхан Өөрөө ажил гүйцэтгэх үед хуучин эрин үеийн хэрэгжүүлэлтийг цуцлахдаа ил тод зарладаггүй, шинэ эрин үе эхэлснийг шууд тунхагладаггүй. Тэр Өөрийнхөө ажилд шууд шулуун байдаг. Тэрээр Өөрийн зорьсон ажлыг шууд хийдэг; өөрөөр хэлбэл, Тэр Өөрийн авчирсан ажлыг шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анх төлөвлөснөөрөө шууд хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг. Хүний харж байгаагаар, Түүний зан чанар болон Түүний ажил нь гэсэн өмнөх эрин үеүдийнхээс өөр байдаг. Гэвч Бурханы Өөрийн өнцгөөс бол энэ нь ердөө Түүний ажлын үргэлжлэл, цаашдын хөгжил юм. Бурхан Өөрөө ажиллах үед Өөрийн үгийг илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Эсрэгээрээ, хүн ажиллах үед энэ нь нягтлан цэгнэж, судлах замаар, эсвэл бусдын ажилд суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ өргөжүүлэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хийдэг ажлын мөн чанар нь тогтсон дэг журмыг дагаж, “хуучин замаар шинэ гуталтай алхах” явдал мөн. Энэ нь, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн алхдаг зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зам дээр үндэслэдэг гэсэн үг юм. Эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан билээ.
Исаак Абрахамд төрсөнтэй адилаар Иохан амлалтаар төрсөн. Есүсийн замыг тавиж, ихээхэн ажил хийсэн боловч тэр Бурхан байгаагүй юм. Харин ч тэр ердөө Есүсийн төлөөх замыг тависан учраас эш үзүүлэгчдийн нэг байсан. Түүний ажил ч бас асар их байсан бөгөөд түүнийг зам тависаны дараа л Есүс Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн юм. Мөн чанартаа тэр зүгээр л Есүсийн төлөө хөдөлмөрлөсөн, түүний хийсэн ажил нь Есүсийн ажилд үйлчилж байв. Түүнийг зам тавиж дууссаны дараа Есүс Өөрийн ажлыг буюу илүү шинэ, илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй ажлыг эхэлжээ. Иохан ажлын эхний хэсгийг л хийсэн; шинэ ажлын илүү их хэсгийг Есүс хийсэн юм. Иохан ч гэсэн шинэ ажил хийсэн боловч шинэ эрин үеийг эхлүүлсэн нэгэн байгаагүй. Иохан амлалтаар төрсөн бөгөөд түүний нэрийг тэнгэрэлч өгсөн. Тухайн үед зарим нь түүний аавынх нь нэрээр Зехариа гэж нэрлэхийг хүсэж байсан боловч эх нь, “Энэ хүүхдийг тэр нэрээр нэрлэж болохгүй. Түүнийг Иохан гэж нэрлэх ёстой” гэж хэлжээ. Энэ нь бүгд Ариун Сүнсний тушаалаар болсон юм. Тэр тохиолдолд Иоханыг яагаад Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийг ч бас Ариун Сүнсний тушаалаар нэрлэсэн, Тэр Ариун Сүнсээс төрсөн бөгөөд Түүнийг Ариун Сүнс амласан байв. Есүс бол Бурхан, Христ, мөн хүний Хүү байлаа. Гэхдээ Иоханы ажил мөн л агуу байсан атал яагаад түүнийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийн хийсэн ажил болон Иоханы хийсэн ажлын хооронд яг ямар ялгаа байсан юм бэ? Иохан Есүсийн замыг тависан нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан тогтоосон байсан уу? Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжөөгүй бөгөөд ердөө эхлэлийг бүрдүүлж байсан юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь эцэс болгосон боловч Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байсан бөгөөд цаашлаад Тэр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын энэ үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг тавьсан. Хэдийгээр түүний ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам буюу илүү гүнзгий үнэнийг ч хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийн тухай ойлголтыг ч олж аваагүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгосон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялгаж таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй. Иоханы болон Есүсийн хийсэн ажил адилхан байгаагүй бөгөөд өөр шинж чанартай байсан. Үүнээс хүн, Бурхан мөн эсэхийг нь тодорхойлдог. Есүсийн ажил эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж, үр дүнд хүргэх явдал байв. Тэр эдгээр үе шат болгоныг гүйцэтгэсэн байхад Иоханы ажил нь эхлэл тавихаас хэтрээгүй. Эхэндээ Есүс сайн мэдээг түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм. Тэрээр хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээн, газар сайгүй хэрэн явжээ. энэ талаараа Иохан Тэр хоёр адилхан байсан бөгөөд ялгаатай нь Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хүнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Түүний амнаас хүний хэрэгжүүлэх ёстой үг гарч, Нигүүлслийн эрин үед хүний дагах ёстой зам гарч, эцэст нь Тэрээр золин авралын ажлаа дуусгажээ. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байв. Иймд Бурханы Өөрийн ажлыг хийсэн нь Есүс байсан ба Тэр бол Бурханыг шууд төлөөлдөг Бурхан Өөрөө байсан билээ. Амлалтаар төрж, Сүнснээс төрж, Ариун Сүнсээр дэмжүүлж, шинэ замуудыг нээдэг бүх хүн бол Бурхан гэж хүний үзэл үздэг. Энэ тайлбарын дагуу Иохан ч гэсэн Бурхан байх байсан ба Мосе, Абрахам, Давид ч гэсэн мөн л Бурхан байх байв. Энэ нь бүхэлдээ инээдтэй зүйл биш гэж үү?
No comments:
Post a Comment