Жан Хуа, Камбож
Би жирийн нэг тариачны гэр бүлд төрсөн юм. Манайх чинээлэг айл биш байсан хэдий ч аав, ээж хоёр бие биеэ хайрлаж, надад маш сайн ханддаг байв—манай гэр бүлийг аз жаргалтай, ерөөгдсөн амьдралтай байсан гэж хэлж болох нь гарцаагүй. Өсөж том болсныхоо дараа би өөртөө ингэж хэлэв: Би надад сайн хандах нөхөртэй болж, жаргалтай сайхан гэр бүлийг бүтээх ёстой. Энэ бол хамгийн чухал зүйл. Би эд баялаг эрэлхийлэхгүй—нөхөртэйгээ хайрын харилцаатай байх, гэр бүлийн амар тайван амьдрал л надад хэрэгтэй.
Бид хоёрыг хоёуланг нь таньдаг хүнээр дамжуулан би нөхөртэйгөө танилцсан юм. Нэлээд намхан болохоор нь анх би түүнд дургүй байсан ч аав, ээж маань түүнд нааштай хандаж, түүнийг сайхан сэтгэлтэй, надад сайн хандана гэж хэлсэн билээ. Нөхөр маань хүмүүст чин сэтгэлээсээ хандахыг би хараад гэр бүлдээ сайн хандах хүн шиг санагдав. Би “Тэр намхандуу байгаа нь зүгээр ээ. Надад сайн хандах юм бол болно” гэж бодлоо. Ингээд би хурим хийхийг зөвшөөрч, 1989 онд бид гэрлэв. Гэрлэсний дараа нөхөр минь надад маш зөөлөн хандаж, намайг сайн халамжилдаг байлаа. Нөхөрт гарсны дараа миний амьдрал жаргалтай, элбэг дэлбэг байсан. Би ч бас нөхрөө үнэн сэтгэлээсээ халамжилж, сэтгэлдээ түүнийг үргэлж боддог байв. Хоёр охиноо төрсний дараа нөхрийнхөө санааг зовоолгүй ажилд нь явуулахын тулд би гэртээ сууж, гэр орноо арчилж тордлоо. Хожим нь хоёр хүүхэд маань сургуульд сурахаар хотоосоо явсан тул сурах хугацаанд нь хүүхдүүдтэйгээ хамт байхаар ойролцоох байрыг нь түрээслэв. Би ер нь ямар нэг юмыг шийдэж чадах л юм бол том ч бай, жижиг ч бай гэр бүлийн асуудлаар нөхрийгөө хэзээ ч зовоодоггүй байлаа. Заримдаа юмс хэцүү, залхмаар байсан ч нөхөр, эхнэрийн харилцаа маань харилцан хайр, халамж, анхаарлаар дүүрэн байсан бөгөөд бид амар тайван амьдарч байсан юм. Үнэхээр аз жаргалтай амьдарч байна гэж надад санагдаж байлаа.