Му Жэнь, Тайвань
Би бага байхдаа ухаантай, хэрсүү хүүхэд байсан болохоор эцэг эх, хамаатан садан, найз нөхдийнхөө хайр халамжийг үргэлж хүртдэг байсан юм. Сургуульдаа байнга сайн дүн авч, эелдэг, эвсэг байдаг байсан учраас багш нар, ангийнхан маань надад маш сайн байлаа. Тухайн үед би ирээдүйн төлөөх итгэл найдвараар дүүрэн байв. Гэвч гайхмаар нь, ахлах сургуулийн элсэлтийн шалгалт болоход би охидын шилдэг сургуульд тэнцэхэд хагас оноо дутаж, оронд нь хоёрдугаар зэрэглэлийн сургуульд орсон юм. Болсон явдлыг би үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй байсан тул өрөөндөө хоёр хоног бүгж, юм идэж уухаас таталзав. Амьдралдаа анх удаа бүтэлгүйтлийг мэдэрсэн минь энэ байлаа—би ёроолгүй ангалд унасан мэт санагдаж, шаналал, тарчлаанд автсан билээ.
Хичээл дахин эхлэх үед би асар их сэтгэлээр унасан байдалтайгаар чиглүүлэх сургалтад очлоо. Чиглүүлэх сургалтын үеэр дээд ангийн маань охин надад Эзэн Есүсийн сайн мэдээг номлосон юм. Би чуулганы цуглаанд оролцох тусмаа ах эгч нарын туршлагыг улам их сонсоод, Эзэний нигүүлсэл бол итгэмжит, найдаж болохоор санагдав. Тэгээд Эзэн Есүс Христэд залбирч, Түүнээс гуйж байгаа цагт хамгаалалт, халамжийг нь хүлээн авч, зүрх сэтгэлдээ амар амгалан, аюулгүй байдлыг мэдэрнэ гэж итгэж байлаа. Харанхуй сэтгэл гутралын тэр байдлаас би аажмаар өөдрөг үзэл, эерэг байдалтай болж сэргэсэн юм. Дараа нь ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхдаа би Христэд итгэгчийн хувиар баптисм хүртсэн билээ.
Библийн үнэний талаар улам их олж мэдэхийн тулд би теологийн коллежид явж, нэгдүгээр курст байхдаа нэг пасторын заасан “Шашны танилцуулга” гэх нэртэй хичээл үзсэн юм. Нэг хичээлийн үеэр пастор бидэнд ингэж хэллээ: “Еврейн 13-р бүлгийн 8-р эшлэлд ‘Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ’ гэсэн байдаг. Эзэн Есүс бол цорын ганц Аврагч юм. Тэрээр итгэмжтэй, найдвартай бөгөөд Түүний нэр ямар ч эрин үед хэзээ ч өөрчлөгдөхгүй. Есүсийн нэрд итгэснээр л бид аврагдаж болно...” Эзэн Есүсийн авралаар л бид ёрын муу болон үхлээс мултарч, Эзэн Есүсийн нэрд итгэснээр л аврагдаж болно гэдгийг би түүний ярианаас ойлгож авсан юм. Намайг чуулганд оруулсан дээд ангийн маань охин магадгүй Эзэнд итгэх итгэлээсээ олж авсан амийн хүч чадлаас үүдэн байнга тийм баяр баясгалантай, өөртөө итгэлтэй харагддаг байсан байх гэж надад бодогдлоо. Тэр хичээлийн дараа би Эзэн Есүсийг дагаж, Түүнд үйлчлэхэд бүх хүчин чармайлтаа зориулахаар сэтгэл шулуудсан юм. Үүний төлөө би хичээлийн дараах бүх цагаа нөхөрлөл, Библи судлал, сайн мэдээ номлох ажилд оролцон өнгөрөөдөг болсон бөгөөд номлол, цуглаанаа нэг ч удаа тасалж үзээгүй билээ.