Ново, Филиппин
Миний нэрийг Ново гэдэг, би Филиппин хүн. Би бага байхаасаа л ээжийгээ даган Бурханд итгэж, ах эгч, дүүстэйгээ хамт номлол сонсохоор чуулганд явдаг байлаа. Эзэнд олон жил итгэсэн хэдий ч надад ямар ч өөрчлөлт гараагүй, үл итгэгчтэй адил мэт санагддаг байв. Зүрх сэтгэлдээ би, илүү их мөнгө олж, өдөр хоногуудаа тав тухтай өнгөрөөж, сайхан амьдрах тухай байнга боддог байв. Цаашлаад цаг үргэлж найзуудтайгаа гарч уудаг байсан бөгөөд мөнгө байх л юм бол мөрийтэй тоглодог байлаа. Эдгээр зүйлийг хийх нь Эзэний хүсэлтэй нийцдэггүй гэдгийг би мэддэг байсан бөгөөд Эзэнд байнга залбирч, нүглээ улайн, энэ муу зуршлуудаа орхиж, тэрхүү өдрөөс эхлээд дахин хэзээ ч нүгэл үйлдэхгүй хэмээн бат шийддэг байсан юм. Гэвч найзууд зулгуйдан ятгаж, уруу татахад өөрийгөө хянаж чаддаггүй байлаа. Ийнхүү би улам бүр доройтож, зүрх сэтгэл минь Бурханаас улам холдон, чин сэтгэлээсээ залбирахаа болив. Долоо хоног бүр би хэдхэн энгийн залбирал хэлээд л болчихдог боллоо. Эзэн эргэж ирэх үедээ хүн нэг бүрийг үйлдэл, зан авирынх нь дагуу шүүгээд, дараа нь тэнгэр өөд явах уу, там руу явах уу гэдгийг нь шийднэ гэж мэдэж байсан болохоор би заримдаа үнэхээр цөхөрдөг байв. Би ихэд доройтсон учраас Бурхан намайг дахин уучлахгүй гэж надад санагдсан юм. Хожим нь би гэрлэж, хүүхдүүдтэй болоод, эхнэр, хүүхдүүддээ л боддог болов. Би итгэлээ аль хэдийн сэтгэлийнхээ мухарт мартсан байлаа. Хүүхдүүдээ илүү дээр ирээдүйтэй болгож, баян болох хүслээ биелүүлэхийн тулд би гадаад явж ажиллахаар шийдээд Тайваньд ирэв. Ажилтай болсныхоо дараа ч гэсэн би амьдралын хэв маягаа өөрчилсөнгүй. Завтай цагаараа хамт ажиллагсадтайгаа цуг гадагшаа гарч, ууж, караокед дуулан, зугаа цэнгэлийн амьдралаар амьдарч байв. Тэгээд Бурханд итгэх итгэлээ аль эрт мартсан байлаа.