Холбогдолтой Бурханы үг:
Бурханыг дагах хамгийн чухал зүйл бол бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахыг эрэлхийлж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний алхааг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч өнөөдрийг хүртэл дагаж чадахгүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас
Ариун Сүнсний ажил өдрөөс өдөрт, алхам тутамдаа улам өндөрт дээшлэн өөрчлөгддөг; маргаашийн илчлэл алхам алхмаар бүр ч өндөрт өгсөн өнөөдрийнхөөс ч илүү өндөр байдаг. Бурхан хүнийг төгс болгодог ажил нь ийм юм. Хүн хөл нийлүүлэн алхаж чадахгүй бол хэдийд ч хоцорч магадгүй. Хүнд дуулгавартай зүрх сэтгэл үгүй бол тэр эцэст нь хүртэл дагаж чадахгүй. Урьдын эрин үе өнгөрчихсөн; энэ бол шинэ эрин үе. Тэгээд шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүнийг төгс болгох сүүлчийн эрин үед Бурхан шинэ ажлыг бүр ч хурдан гүйцэтгэнэ. Тийм учраас зүрх сэтгэлд нь дуулгавартай байдал байхгүй бол Бурханы мөрийг дагахад хүний хувьд хэцүү байдаг. Бурхан ямар ч дүрэмд баригддаггүй, мөн Өөрийн ажлын аль ч шатыг үүрд хувиршгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил хэзээд илүү шинэ, улам өндөр байдаг. Түүний ажил алхам бүрдээ улам, улам бодитой болж, хүний бодит хэрэгцээнд улам бүр нийцтэй болдог. Хүн зөвхөн ийм төрлийн ажлыг туулсныхаа дараа л өөрийн зан чанарын сүүлчийн өөрчлөлтөд хүрч чадна. … Бурханы хийдэг ажил эрин бүрд ялгаатай байдаг. Чи нэг үе асар их дуулгавартай байснаа дараагийн үед арай бага юм уу, огт дуулгаваргүй байвал Бурхан чамайг орхино. Бурханыг энэ алхмаар өгсөхөд нь чи хөл нийлүүлэн явбал Түүнийг дараачийн алхам руу өгсөхөд нь үргэлжлүүлэн хөл нийлүүлэн явах ёстой. Гагцхүү тэр үед л чи Ариун Сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Нэгэнт чи Бурханд итгэдэг тул дуулгавартай байдалдаа тууштай хэвээр байх ёстой. Чи зүгээр л дураа хүрэхээр дуулгавартай байж, дургүй үедээ дуулгаваргүй байж болохгүй. Иймэрхүү маягийн дуулгавартай байдлыг Бурхан сайшаадаггүй. Чи Миний нөхөрлөдөг шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй, урьдны үгтэй зууралдсаар байвал чиний амьд яаж ахиц гарч чадах юм бэ? Бурханы ажил бол Түүний үгсээр дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьдаг шиг ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс чам дээр даруй ажиллана.