Юанжи, Бразил
Би хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх хугацаандаа би нэгэн Христэд итгэгч найзтай болж, тэрээр надад номлол сонсгохоор сүм рүү дагуулан явдаг байлаа. Би гурван удаа явсныхаа дараа ч юу ч олж мэдээгүй байв. Дараа нь би ажлынхаа улмаас үнэхээр завгүй болсон тул 2015 оны 6-р сарын нэгэн өдрийг хүртэл сүмд дахиж очоогүй бөгөөд тэр өдөр найз маань намайг сүмд дахин нэг удаа аваачив. Тэр үед, ах эгч нарын хуваалцаж байсан зүйлээр дамжуулан Эзэн Есүс бол Золин аврагч гэдгийг би бага зэрэг ойлгож авсан юм. Ялангуяа Эхлэл номыг анх унших үед хүнийг үнэндээ бол Бурхан бүтээсэн, бас Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ухаарч, Бүтээгч үнэхээр гайхалтай юм гэдгийг би мэдэрч билээ. Сургуульд байхад сурах бичгүүдэд хүн сармагчнаас бий болсон бөгөөд дэлхий дээрх бүх зүйл байгалийн жамаар үүссэн гэж заадаг байв—би хорь гаруй жилийн турш хууртагдаж байсан болж таарлаа. Гагцхүү Библийг уншсаны дараа би бүрэн сэрсэн бөгөөд тэр үеэс хойш Эзэн Есүст итгэсэн билээ.
2015 оны сүүлээр би Хятадад таван сар байсныхаа дараа Бразил руу буцсан юм. Энэ удаад би тогтвортой ажил олж, зохих ёсоор суурьшихаар шийдэв. Гэвч юмс үргэлж төлөвлөснөөр болдоггүй шүү дээ. Ажил төрөл, хувийн амьдрал маань нэг л жигдэрч өгөхгүй байсан нь намайг маш их хямрааж, түгшээх болов. Нэгэн орой би гомдоллохоор Христэд итгэгч найз руугаа ярилаа. Тэрээр: “Өөрийгөө тайван байлгаад, Эзэнд залбирч, Эзэн чамд зориулж бүх зүйлийг хэрхэн зохицуулдгийг хар” гэж надад хэлэв. Тиймээс би зүрх сэтгэлээ тайван болгоод, “Эзэн Есүс минь! Одоогоор ажил төрөлд минь хүндрэл бэрхшээл тулгараад, би яаж зохицуулахаа мэдэхгүй байна. Эзэн минь, би Танаас тусламж авах байх гэж найдаж байна” хэмээн Эзэнд залбирав. Гайхмаар нь, дөрөв хоногийн дараа дарга маань намайг дуудаж, ажилдаа буцан орохыг хүссэн юм. Би туйлын их баярлаж, Эзэн Есүс залбирлыг минь сонссонд талархаж байлаа. Үүний дараа би Эзэний ерөөлийг илүү их хүлээн авсан тул ажлаасаа чөлөө авах болсон ч гэсэн, Түүний хайрыг хариулахын тулд долоо хоног бүр цуглаанд оролцож эхлэв.